Биеэ даасан хүүхэд буюу <<Хэрхэн залхуу ээж>> болох вэ? номын тэмдэглэл
Би тийм ч сайн ээж биш. Гэхдээ сайн ээж байхын төлөө хичээн суралцсаар л байна. Энэхүү номыг уншсанаар зөвхөн хүүхдээ хүмүүжүүлэх бус өөрийгөө ч мөн хүмүүжүүлэх арга, ухааныг суралцлаа. Суралцсан зүйлээ бага багаар гол нь тогтмол амьдралдаа хэрэгжүүлэн дадал болгохын төлөө хичээх болноо.
Суралцсан мэдлэг:
1. Бид хүүхдээ бие даасан хүн болгож хүмүүжүүлнэ гэж боддог ч үргэлж урдуур нь орж хүүхдийнхээ өмнөөс хурдхан хийж амжуулахыг илүүд үздэг. Гэвч энэ үйлдэл маань хүүхдэд маань тус болох болов уу? Хэцүү байсан ч өөрөө тогтмол зааж, бие даан хийх үйл явцад нь дэмжиж, туслах.
2. Бие даан аливаа зүйлийг хийх үед түгшихээс илүү итгэж хүлээх. Бид үргэлж яаанаа чадах болов уу? Яаанаө гэмтчихгүй байгаа? Яаанаа очих газраа очсон болов уу? Яаанаа сайн байж чадах болов уу? Гээд л ээж бидний тархи мянган яаанаа дунд байх үе бий. Хүүхэд алдсан ч бай, оносон ч бай тэвчээртэй, тайванаар хүлээж сурах. Ингэж итгэл хүлээлгэх нь хүүхдэд илүү сайжрах боломж өгөхөөс гадна, ээжийн санаа зовох зүйл нэгээр багасахад тусална.
3. Хүүхдмйнхээ насанд тохирсон ажлыг хийж сургах. Үргэлж хүүхдийнхээ өмнөөс хийх биш хүүхэд өөрөө өөрийнхөө төлөө чадах зүйлсийг заах. Энэ нь таны стрессийг бууруулж, бүх зүйлд оролцдог хандлагыг багасгана.
4. Чи чадахгүй байна. Чамаар ажил хийлгэхээр дандаа бүтэлгүйтэх юмаа гээ уурлахын оронд өөрийгөө тайвшруулж цаашид илүү сайн хийж сурахад түлхэц өолох магтаалын үгсийг харамгүй хэлэх. Өнөөдөр чадаагүй ч дараа нь заавал хүүхэд тань чадах л болно.
5. Ээж хүний хувьд мэдээж хүүхдийнхээ төлөө гэсэн сайн бүхнийг зориулахыг хүсдэг. Гэхдээ таны хүсэлд нийцүүлж хүүхэд сурч хөгжиж, тань таалагдахын тулд сонголт хийх нь гунигтай. Харах өнцгөө бага зэрэг өөрчлөөд хүүхэд маань ч гэсэн тусдаа биеэ даасан хүн гэдгийг хүлээн зөвшөөрч хийхийг хүсэж байгаа, сурахыг төлөвлөж байгаа, өмсөхийг хүсэж байгаа гээд л сонголт бүрд нь болохгүй гэж хориглолгүй сонирхлынх нь дагуу сонголтыг нь хүлээн зөвшөөрч тэр зүгрүү нь чиглүүлэн хөгжүүлэхийг хичээгээрэй.
6. Хамгийн их сэтгэлд үлдсэн нь хүүхэдтэйгээ найз шиг нь ярилцах. Ямар ч асуудал тулгарсан, шийдвэрлэх зүйл гарч ирэх үед магадгүй та хоёрын санал зөрөх үед хүүхдээсээ асуулт асуух замаар хариултыг нь өөрөөр нь олуулж нөхөрсөг яриа өрнүүлэхийг хичээгээрэй.